Гэвч 2000-аад оны эхэн үеэс газар олголт хавтгайрч, хотод шилжин нүүгсдийн их нүүдэл өрнөж, уламжлалт хотын систем алдагдаж улмаар хаа хамаагүй суурьших хандлага газар авч, дагаад хотын хямрал тэр үеэс эхэлсэн юм. Улаанбаатар хотын хөрс усны бохирдол дээд цэгтээ хүрч, жил бүр утааны хор хохирлоос болж шинэ иргэдээ бид эндүүлж, түгжрэл нь хэтэрч үе үе тэг зогсолт хийж, хотын иргэдийн дунд халдварт өвчний тархалт өндөр байгаагаас бид асуудал хэр бугласныг харж болно. Хэдий үе үеийн удирдлагууд, эрх баригчид эдгээр асуудлуудыг шийдэх тухай амлалт өгдөг ч өнөөдөр өөрчлөгдсөн зүйл цөөн бид “чагтаган” түгжээндээ түгжигдсээр...
НҮБ-ын судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70% нь хот суурин газар төвлөрөх бөгөөд энэхүү төвлөрлийн 90% нь Ази, Африк гэж онцолжээ. Хөдөө орон нутагт суурьшигчид буурч, хотууд тэлж хотжилт улам нэмэгдэх нээ. Улаанбаатар хотын хувьд мөн адил хүн амын төвлөрөл буурахгүй эсрэгээрээ өсөх хандлагатайг сүүлийн 10 жилд 430 мянга гаруй хүнээр нэмэгдсэн тооноос харж болно. Хотжилтын уг төвлөрлийг бууруулах нэг арга зам нь хотын дахин төлөвлөлт буюу тэлэлт юм гэдгийг мэргэжилтнүүд дэвшүүлэх болсон. Үүний дагуу нийслэлийн хуучин засаг захиргааг Яармаг руу шилжүүлэн нүүлгэсэн нь хотын шинэ тэлэлтэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Хотын хаяагаа тэлэх нь мөрөөдөл биш бодит шийдэл
Хотын тэлэлт эхэндээ Зайсан тийш тэлээд уул хүрээд зогссон бол Яармаг Нисэх чиглэл рүү чиглэсэн тэлэлтэд хүрээ хязгаарт орох эрсдэл байхгүй. Учир нь 22 сая хүн амтай Бээжин хотоос 1,5 сая хүнтэй Улаанбаатарын тэлэлт мэдээж хэмжээ хязгаараар харьцангуй ойлголт. Мөн ковидын хөл хорио бидэнд нэг сургасан чухал зүйл бол заавал хотын төв рүү ажил руугаа түгжрэхээс илүүтэй гэрээсээ үр бүтээлтэй ажиллаж, компаниуд ч үр дүнгээр нь ажилтнуудаа үнэлэх систем рүү шилжсэн явдал юм. Яг л энэ шинэ шийдлийн дагуу хотын их төвлөрлөөс холдож эрүүл цэвэр агаар, хөрс болон хүрээлэн буй орчны бохирдолгүй, дэд бүтэц сайтай, дахин төлөвлөлт арай илүү орон зайтай, бүхий л төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний газрууд үүд хаалгаа нээсэн, хотын баруун бүсэд амьдрах бололцоо улам бүр нэмэгдсээр байна.
Жишээ нь: Яармагийн дэнж нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал, байгалийн тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцрын тогтоцгүй, ногоон орчин, эрүүл хөрс зэргээрээ амьдрахад маш таатай газар төдийгүй эртнээс монголчууд усны тунгалаг, өвсний сор болсон уг газрыг сонгож наадам цэнгэлээ хийдэг байсныг та бид мэднэ. Хотжилтыг дэмжих, хянах бүс гэсэн ойлголт байдаг. Яармагийн бүс бол аж үйлдвэр багатай, хотын дахин төлөвлөлтийг дэмжих бүс юм.
Тиймээс маш уян хатан бодлого хэрэгжиж, улам бүр амьдрахад таатай суурьшлын бүс болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой буй.
Тэгвэл шинэ тэлэлт шинэ оршин суугчдад ямар боломжуудыг өгч байгаа вэ?
Усны шинэ гарц
Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээ улам бүр нэмэгдсэнээр удахгүй эрэлт нийлүүлэлт тэнцэнэ гэсэн судалгаа бий. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах нийлүүлэлтийн асуудал урьд өмнөхөөс илүү хурцаар тавигдах болсон. Гэвч ХУД-ийн хувьд нэгэн том боломж бий болж буй нь “Мянганы сорилтын корпорац” хоёр дахь компакт гэрээг Монгол улсын засгийн газартай хийснээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Нийслэлийн нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд 2 том бүтээн байгуулалт хийнэ.
Эхний ажил нь Био-комбинат Шувуун фабрикийн орчимд байх гүний усны ордыг түшиглэн Сонгинохайрхан уулын бэлд цэвэршүүлэх үйлдвэрийг барихаар төлөвлөжээ. Уг олборлож үйлдвэрлэсэн цэвэр усаа Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээнд нийлүүлэх юм.
Хоёр дахь нь төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг дахин цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаар их хэмжээний усны хэрэглээтэй дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх боломж үүсэх юм. Хаягдал ус буюу саарал усыг дахин ашиглах үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 50 мянган куб метр усыг дулааны станцуудад нийлүүлнэ гэсэн үг юм.
Уг төслүүдийг хэрэгжүүлснээр хотын ундны усны хэрэгцээ 100 жилийн хангамжаар баталгаатай болж байгаа бөгөөд уг үйлдвэрүүд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг тул яармаг нисэх чиглэлийн орон сууцнуудын хувьд эх үүсвэрээ татах боломж үүсэх болов уу. Ингэснээр та болон танай хөршүүд ундны усны асуудалтай нүүр тулахгүй нь.
(Эх сурвалж: https://bit.ly/3wQOFb0)
Боловсролын төвүүд ба цогцолборууд
Хотын тэлэлтэд чухал зүйлийн нэг нь боловсрол олгох томоохон сургууль, цэцэрлэгүүд юм. Өнөөдрийн Улаанбаатарын их түгжрэлийн нэг том шалтгаан нь сургуулийн насны хүүхдүүдээ хичээлд нь зөөдөг цуваа үүссэнтэй холбоотой. Хан-Уул дүүргийн 4-р хороонд олон улсын сургалттай “The British school of Ulaanbaatar”, “The Jet international school”, “Шинэ Монгол Харүмафүжи”, “Сакура” гэх мэт сургуулиуд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн төлөвлөлтийн дагуу сургууль, цэцэрлэгийг нэмж барихаар төлөвлөсөн.
Мөн түүнчлэн баруун бүсэд Буянт ухаа спорт ордон, “Steppe Arena” мөсөн өргөө, Усан спортын ордон, Морин тойруулга, IC park гэх мэт олон төрлийн чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүд олноороо сүндэрлэж эхнээсээ үйл ажиллагаагаа нээж олон нийтийн хөлд дарагдаж, нийслэлчүүдийн очих дуртай газрууд нэмэгдсээр байна. Авто худалдааны “Тоёота-Мөнххада” моторс, “Porche centre”, “Bavaria” motors харин хүнс барааны чиглэлээр “Сансар”, “Номин”, “Оргил”, “Миний hypermarket” үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний сайн мэдэх “E-Mart”-н 5 дахь салбар 2024 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. Барилгын материалын их дэлгүүр “Титан” мөн үүд хаалгаа нээсэн гэх мэт бидний хэрэгцээ цөм төвлөрсөн нь заавал хотын төв рүү явах шаардлагагүй болж байна гэсэн үг юм.
Технологийн дагуул хот
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон Зүүн хойд Азийн тээвэр логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Уг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Хөшигийн хөндийн цогцолбор газарт шинэ суурьшлын бүс “Аэросити” дагуул хотын төлөвлөлт хийгдэж техник технологи, агаарын тээвэр, худалдаа бизнес, аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв болгохоор зорьж байгаа. Мэдээж хотын иргэд тойрсон аж үйлдвэржилт, төвлөрлөөс холгүй газар амьдрах нь тодорхой бөгөөд энэ нь нисэх яармагийн бүтээн байгуулалттай салшгүй холбоотой юм.
Дагуул хотыг тойрсон хотхон хорооллууд хоорондоо дэд бүтцээрээ холбогдож тэлэлтийг утгаар нь хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хөшигийн хөндийгөөс Яармагаар дайрсан хурдны замын төсөл амжилттай хэрэгжиж байгаа ба хэрэв дагуул хотын иргэд хурдны замыг ашиглаж эхэлбэл илүү хурдан зорчих боломж үүснэ.